Удирдах ажилтан токсик эсэхийг таних арга
Токсик буюу хавьтсан ойртсондоо халтай, хаа явсан газраа хар мөртэй хүмүүс оршин буй нийгэмдээ дээгүүр байр суурь эзэлдэг. Тэд гайхалтай карьер хийж удирдах албан тушаалд залрах нь ч бий. Тийн залрахын төлөө тэмүүлдэг.

Токсик хүмүүсийн хувьд бусдыг аргалах, зарчимгүй авирлах, далд муу санаагаа нуухын тулд хоёр нүүр гаргах, ёс зүйг уландаа гишгэх, арга заль зохиох нь энүүхэнд. Энэ бүх уйваагүй үйлдлийнхээ ачаар тэд замд нь хөндөлссөн хэн бүхнийг түрэн зайлуулж албан тушаал ахисаар нэг л өдөр тэд удирдах албан тушаалд залардаг. Тэд дээд удирдлагууд/эзэддээ ая тал засч, тэднийг аргандаа оруулахадаа гарамгай. Хүссэндээ хүрэхийн тулд тэд яахаас ч сийхгүй.

Бонны сэтгэлзүйн хүрээлэнгийн эрдэмтэд Марайке Холин, Бастийн Кюкельгаус, Герхард Бликле нар токсик хүмүүсийн талаар далайцтай судалгаа явуулж, удирдах албан тушаалтнуудын дунд хүнд хэлбэрийн нарциссистууд (хэт биеэ дөвийлгөх сэтгэлзүйн асуудалтай хүмүүс) болон далд хэлбэрийн психопатууд маш олон байдгийг олж тогтоосон байна. Үүнд гайхаад байх юмгүй. Учир нь аль аль нь ихээхэн зальтай бөгөөд хүссэндээ ямарч хамаагүй аргаар хүрэх чадвартай.

Токсик хүмүүс гаднах төрхөөрөө бусдаас огт ялгагдахгүй (зарим нэг нь аятайхан харагдах нь ч бий) ч дээд удирдлагуудын нүдэнд “хосгүй” нэгэн мэт харагдахдаа ямар сайн гээч! Тэднийг үнэн хэрэгтээ ямар хүн бэ гэдгийг цаадуул нь огт гадарладаггүй.

Токсик удирдах ажилтнууд ажлын бүтээмж өндөртэй. Аргагүй шүү дээ! Тэд доорх хүмүүсээ алхам тутамд айлган сүрдүүлж, байнгын дарамт шахалтанд байлгах замаар хамаг хөлс шүүсийг нь шахаж ажиллуулах нь яг л харгис хатуу боолчид гэлтэй.

Тэгвэл тухайн удирдах ажилтан токсик эсэхийг яаж мэдэх вэ? Бликле эрдэмтэн тэднийг таних нэгэн мэргэн арга санал болгожээ. Ямар арга вэ? гэвэл тухайн удирдах ажилтныг дан ганц амжилт бүтээлээр нь бус... бусад үзүүлэлтээр дүгнэх явдал юм. Өөрөөр хэлбэл, түүнийг ажиллаж байх хугацаанд хэдэн хүн ажлаасаа халагдсаныг, хэдэн хүн өөрийн хүсэлтээр эсвэл албан шахалтаар хэлтсээ сольсныг, хүмүүс хэр ойр ойрхон өвчний чөлөө авдаг байсныг, хэдэн хүн үйлдвэрлэлийн осолд өртсөнийг бодолцох нь зүйтэй.

Тэгэхэд л тухайн хүн чадварлаг удирдах ажилтан уу эсвэл зальжин карьерист уу гэдэг нь ойлгомжтой болоод ирнэ. Энгийн арга байгаа биз?

Энэ аргыг ямарч (доод, дунд, дээд) шатны удирдах ажилтан дээр хэрэглэж болно. Эргэн тойронд нь хүмүүс ойр ойрхон өвдөөд байна уу? Хамт олных нь уур амьсгал таагүй байна уу? Хүмүүс нь ажилдаа ирэхдээ дурамжхан байна уу? Хэрэв тийм бол эдгээрийн учир шалтгааныг олж тогтоох зайлшгүй шаардлагатай. Учир удирдах ажилтанд байгаа бол түүнийг зайлуулах нь нийт хамт олон төдийгүй алс хэтдээ байгууллагын хувьд ч өлзийтэй.

Орчуулсан: Uka Ulziibat
2020-07-23 
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Сонирхолтой мэдээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
ТOP 20
Сонголт
Фото
Видео
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
www.info.mn